2025 оны 10 сарын 13

Эрхэм уншигч ээжүүддээ нийтлэл унших үеийн мэнд дэвшүүлье.
" Бондүдү зөвлөж байна " булангийн энэ удаагийн дугаарт хүүхдийн эмч Д. Энхзул маань ханиад хүрсэн үед хүүхдээ хэрхэн асрах тухай зөвлөмжүүдийг хүргэж байгааг хүлээн авна уу.
Хэрхэн ханиад, томуугаас урьдчилан сэргийлэх болон хүндрүүлэхгүй байх вэ? Та энэ талаар ээжүүдэд зөвлөгөө өгөөч. За тэгэлгүй яахав би нуршилгүйгээр дэс дарааллан зөвлөгөө хүргэе.
Өглөө болон оройд хамрыг байнга цэвэрлэж байх.
Нусгайрсан нус их гарч байгаа үед өдөрт олон удаа нус ялгарах тутам хамрыг цэвэрлэх хэрэгтэй,нустай удаан байлгавал хоолой, чих өвдөх болон цаашлаад хатгалгаагаар хүндрэх эрсдэл болно. 0-2 нас хүртэл нус сорогч ашиглах.
Бусад насанд хамар угаагч ашиглаж болно. Болж өгвөл хөвөнтэй модоор ухах болон хөвөнгөөр хүчтэй нухаж өвтгөхгүй байх хэрэгтэй.
2. Шингэн зүйл ердийн уудагаас их уулгах 0-6 сартай бол хөхөө маш сайн хөхүүлэх, энэ үед ээж өөрөө ч бас шингэн маш сайн уух ёстой. 6 сараас дээш насанд насанд нь тохирсон хэмжээгээр шингэнийг байнга уулгах. Ундаа, жүүс зэрэг орохгүй аль болох ус сайн уулгах. Шингэн нөхөх тусгай ус байж болно.
3. Усанд оруулсны дараа хөлийн ул, шагай, шилбэ, нуруунд тосоор халуу дүүгтэл иллэг хийж өгөх. Монголын тусгайлан зориулсан иллэг хийх тос олон болсон шүү дээ. Тосоо сонгохдоо химийн найрлагагүй, хурц үнэргүй тос сонгох хэрэгтэй. Хэрвээ хүүхэд цэртэй байвал цэр ховхлох массаж хийгээрэй. Гэхдээ хүчтэй нуруулуу нь тогшиж, сэгсэрч болохгүй.
4. Дааруулж болохгүй гэхдээ бас хэт бигнэж болохгүй тааруулж хувцаслах. Ээжүүд хүүхдээ ханиад хүрэх үед даарчих нь гэж бодоод хэт зузаалан хөөрүүлээд байдаг талтай.
5. Ясны шөл, битүү шөл хийж өгөх болон жимс ногоогоор баялаг чанартай хоол хүнс хэрэглэх.
Хүүхэд өвдөөд ирэхээр хоолонд дургүй болдог болохоор идэхгүй байна гээд өгөхгүй байж болохгүй ногооны зутан, шөл заавал идүүлэх. Бага багаар дасган аль болох ойр ойрхон хоол идүүлж байх хэрэгтэй. Гэхдээ заавал хоол идэх ёстой гээд хүчлээд уурлуулаад байж болохгүй . Аясыг нь дагуулаад аргалах, тоголох, саатуулах байдлаар тайван идүүлээрэй. Ханиад хүрсэн үед хүүхдийн хоолны шингэц бас дагаад мууддаг учир шарж хуурсан хурц хоол өгөхгүй.
6. 38 хэмээс дээш халуурсан үед парацетамол лаагаар болон эмээр хэрэглэж болох ба 8 цагаар хэрэглэх. Халууны эмийг мөн дур мэдэн өгч болохгүй. Мөн биеийн жин , насанд нь тохируулан хэрэглэнэ. Тун хэтрэх аюултай тул эмийн эмчилгээ эхлэх үед заавал эмчид үзүүлж байх хэрэгтэй. Бага насны хүүхдүүдийн эмийн зохисгүй хэрэглээ Монголд ихсэж байгаа учир энэ тал дээр эцэг эхчүүд маш хянамгай болгоомжтой хандах хэрэгтэй.
7. Витамин Д, С, A уулгах - Насанд нь тохирсон тун хэмжээгээр нэмэлт витамин өгөх нь хүүхдийг түргэн эдгэхэд тустай.
8. Өглөө орой болон хоол идэхийн өмнө гар нүүрийг заавал угаалгах. - Энгийн дадал шиг сонсогдох ч өвдсөн үед ариун цэвэр сахих маш чухал. Гар нүүрийг сайтар угааж бохир орчин, вирус дэгдэхээс сэргийлж байх хэрэгтэйг анхаараарай.
9. Гэртээ өдөрт 2 удаа агаар сэлгэн хаалга цонхоо онгойлгох. Цонхоо онгойлгохдоо бүх өрөөний цонхыг нэвт хүчтэй огцом салхилуулж болохгүй. Өрөө өрөөгөөр ээлжлэн агаар сэлгэж болно.
10. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ сайн хийгээрэй. Хүүхдийг харшил төрүүлсэн хурц үнэртэй ариун цэврийн бодис хэрэглэж болохгүйг санаарай. Сайн гэрээ цэвэрлэж байна гээд эсрэгээр нь харшил сэдрээх гээд байдаг талтай.
11. Гадаа гаргаж агаарлуулж байх. - Өвдсөн үед нь гэрт нь сайн амраах хэрэгтэй гээд оронд нь нэг өрөөнд , нэг агаарт байлгаад байж болохгүй 30-40 минут 10-20 минут ч байсан болно. Өдрийн нар дээр мандсан дулаан цагаар гарч агаарлуулж байгаарай. Хэт өглөө болон оройн цагаар сэрүүн үед гаргах нь зохимжгүй.
12. Хүүхдийн тоглоом хэрэгслийг 14 хоногт боломжтой бол 7 хоногт 1 удаа ариутган цэвэрлэж байх. Хүүхдийн тоглоомонд орчны вирус наалдаж, бохир тоглоомоор тоглосон үед харшил сэдрэх, вирусын халдвар авах ч үе тохиолдож болно. Тоглоом сонгохдоо мөн материалыг нь харж байгаарай гэж давхар зөвлөж байна. Бага сартай хүүхдүүд тоглоомоо амандаа их хийдэг. Тиймээс гадна талаар нь будагч бодис их хэрэглэсэн, өнгө гардаг, хурц үзүүртэй, хуванцар болон металлын орцтой гэх мэт тохиромжгүй тоглоомыг ажиглаж ялган сонголтоо хийгээрэй.
13. 21 цаг гэхэд оронд нь оруулж унтуулах. Эрт унтуулж эрт сэрээх. Орой унтахаас өмнө дэлгэцийн хэрэглээг хязгаарлан амрааж байгаарай.
14. Эмчид үзүүлж эм бичүүлж авсан бол тогтмол цагтаа шинж тэмдэг арилсан ч бичсэн өдөрт нь дуустал нь уух. Эцэг эхчүүдийн түгээмэл алдаа бол энэ. Шинж тэмдэг арилсан үед эмийг зогсоох үйлдэл их хийдэг. Магадгүй мартчихдаг байх. Гэхдээ ялангуяа антибиотек эмчилгээ хийлгэж байгаа үед заавал эмчийн бичиж өгсөн хоногоор бүтэн уух хэрэгтэй. Шинж тэмдэг зовиур арилсан гэдэг нь бүрэн эдгэсэн гэсэн үг биш...
Эдгээр зөвөлгөө нь урьдчилан сэргийлэх болон өвдсөний дараах зөвхөн хүндрүүлэхгүй байх зөвлөгөө тул аль нэг эмийг уу гэж зөвлөхгүй. Асаргаа сайн байвал вирусын гаралтай халдвар бол өөрөө аяндаа 7-14 хоногт эдгэдэг тул эдгээр зөвлөгөөг маш сайн мөрдвөл хүндрэхгүй эдгэх бүрэн боломжтой .
Харин хоолой идээлж үрэвссэн хатгалгаа үүссэн бол заавал антибиотик эмчилгээг хийнэ. Эмээр эмчилж болохгүй гэж зүтгэсээр хүндрүүлсэн ч үе их гардаг.
Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдэд анхны шинж тэмдэг илэрсэн үеээс эхлэн маш ажигч байж, болгоомжтой няхуур хандаж хүүхдээ хайрлаасай гэж хүсэж байна. Эцэг эхчүүд үргэлж хичээдэг ч яалтчгүй ханиад хүрчихлээ гэж хэлдэг. Тиймээ аргагүй... бид хүүхдээ өвдөөсэй гэж бодож хайнга орхино гэж үгүй. Гэхдээ өвдсөн ч бол цаг гарган асарч болгоомжтой хандаж цаг алдалгүй эдгээх зөв аргуудыг хэрэглээсэй гэж хүсэж байна. Хүйтний улирал ирж байгаатай холбоотой ханиад томууны үеийн зөвлөгөөг хүргэсэндээ баяртай байна. Баярлалаа.